| Мэдлэг бол хүч буюу Өөрийн дотоод хүчийг нээх нь |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Шинжлэх ухаан |
| Бичсэн Алтансүх |
| 2009 оны 4-р сарын 14, Мягмар гариг, 11:02 |
Мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХТ) гэсэн энэхүү салбарт эртнээс зүтгэж байгаагийн хувьд олон хүмүүстэй уулзаж ярилцан олон ч зүйлийг үзэж сонслоо. Эдгээрээс өнөөдөр хөндөн ярилцахыг хүссэн нэгэн асуудал гэвэл МХТ салбарт хэрхэн амжилт гаргах вэ, эсвэл бүүр энгийнээр хэлбэл "компьютерыг" хэрхэн гартаа оруулах вэ? гэсэн асуулт юм.Энэхүү нийтлэлийн гол асуултын уг үндэс хийгээд би яагаад мэдлэг бол хүч гэж хэлээд байгаагаа товч атугай тайлбарлахыг хичээе.
А. Өөртөө итгэж, өөрөө бие даан судлах хэрэгтэй.
Аливаа зүйлийг сурахад таны өөрөө судалж, оролдож, алдаж, учрыг олж суралцсан зүйлс хамгийн амттай бөгөөд хамгийн үлдэцтэй нь байдаг. Харин тэрхүү эхний алхмыг хийх зүрх зориг хийгээд цаг завыг та өөрөө л олох ёстой бөгөөд би харин та бүхэнд хаанаас нь эхэлбэл зүйтэй гэдгийг бага ч гэсэн дөхүүлэн хэлэхийг хичээе. Зориглоод эхлэхийн тухайд гэвэл магадгүй та хаанаас нь эхлэхээ мэдэхгүй болохоор гацаад байж магад. Цаг завын хувьд гэвэл та өөртөө хичнээн их цаг бэлэн байдгийг анзаардаггүйгээс болдог бизээ.
Миний хэлэх дуртай нэг "санаа" гэвэл: "Аливаа компьютер, интернетээс эхлээд аливаа нээлт, технологийг ХҮН бүтээсэн. ХҮН-д зориулж ХҮН л бүтээсэн. Бид бүгдээрээ адилхан ХҮН учраас үүнийг суралцаж, эзэмшиж, гартаа оруулах боломж 100% байна гэсэн үг" юм.
Мөн "Nothing ventured, nothing gained" буюу "Юу ч оролдоогүй бол юу ч бүтэхгүй" гэсэн үг байдаг. Та хэзээ ч оролдохгүй байвал юу ч бүтэхгүй нь ойлгомжтой. харин 100 дахин оролдоод бүтэлгүйтэж байснаа гэнэт бүтчихвэл тэр чинь гол нь юм. Та хэд оролдох нь хамаагүй, эцсийн эцэст нь бүтдэг гэдэг л үнэн юм.
Тийм учраас бидний хэнд ч гэсэн хэнээс ч дутахгүй чадвар бэлэн заяасан учраас түүнийгээ нээж илрүүлэн ашиглаж эхлэх нь зөвхөн таны өөрийн хүсэл зоригоос шалтгаалах болно.
Цагийн тухай нэгэн сонин зүйрлэлийг та бүхэнтэй хуваалцъя.Амьдрал танд өглөө бүр 86400 ширхэг алтан зоостой уут өгдөг байна. 86400 гэдэг нь өдрийн 24 цагт байх нийт хором (секунд) юм. Та өглөө боссоноосоо эхлээд алхам бүртээ яг хором тутамд нэг алтан зоосыг уутаасаа авч зарцуулан явдаг. Хэрвээ та өөртөө ашигтай тустай, үр бүтээлтэй зүйл хийвэл зоос зарцуулахгүйгээр өөртөө авч үлдээн өнгөрөөдөг. Харин юу ч хийлгүй, эсвэл үр ашиг муутай зүйл хийн өнгөрөөсөн хором бүртээ алтан зоосоо гарган хаядаг байна. Таны гол зорилго гэвэл өдрийн эцэст хамгийн их алтан зоос авч үлдэх бөгөөд өөрт хэрэгтэй зүйлсийг хийснээр илүү ихийг авч үлдэж баян болох боломжтой эндээс эхэлдэг гэжээ. Та өдөр бүр шинэ зүйлийг уншиж судлах, суралцах, өөрийгөө хөгжүүлэх, бусдад туслах хийгээд сайн зүйлд цагаа зарцуулсан бол илүү ихийг авч үлддэг байна. Харин архи тамхи хэрэглэхээр, дэмий өөрт хэрэгцээгүй мэдээлэл уншиж өнгөрөөсөн, харамсалтай ч гэсэн өөрөөс шалтгаалахгүйгээр цаг алдсан, зүгээр л зурагт үзээд өнгөрөөх зэрэгт та алтан зоосоо гаргаад л шидээд байна гэсэн үг. Мэдээж эдгээрийн зарим нь жаахан ч гэсэн ашиг тустай (амрах журмаар ч юм уу) хэдий ч гол зорилго бол их зоостой үлдэх буюу илүү их мэдлэгтэй, илүү их туршлагатай болж үлдэх нь таны өөртөө оруулах хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү гэдгийг энэ зүйрлэл хэлэхийг зорьсон бизээ. Цаг бол алт гэдэг үгийн дэлгэрэнгүй тайлбар ч байж болох юм.
Та компьютер, интернет хийгээд бусад олон технологийг эзэмшихийг хүсвэл хамгийн анхан шатнаас нь эхлэх хэрэгтэй. Компьютерыг сайн ашиглаж суръя гэвэл эхлээд компьютер маань юу юунаас бүтдэг, эдгээр нь хоорондоо яаж ойлголцож ажилладгийг судалж ойлгох хэрэгтэй. Өнөө үед гарч байгаа нэгэн гажуудал гэвэл аливаа компьютерын сургалт гэхээр шууд Windows, Word, Excel болоод явчихдаг. Гол үндсэн зарчмаа алгасаад явчихаж байгаа учраас хүмүүс хэдийгээр Windows, Word-оо ашиглаад сурч байгаа хэдий ч тулгуур ойлголт байхгүйгээс цааш нь өөрсдөө бие даан сурах боломжийг багасгаж байна гэж би үздэг.
http://www.n20.mn/tutorials/10-computing/8-basiccomputing-part-1.html нийтлэлд компьютерын үндсийг техник хангамж талаас товч бичсэн бөгөөд цааш нь үйлдлийн систем гэж юу болох, ямар ямар үйлдлийн системүүд байдаг зэргийг та бүхэнд танилцуулах нь зүйтэй байх.
Интернетийг сайн ашиглаж суръя гэвэл мөн адил яаж бүтээгдсэн үүх түүх, ажилладаг зарчмыг судлаад эхлэхээр компьютерын сүлжээний талаар зайлшгүй яригдана. Тэгэхээр та http://www.n20.mn/tutorials.html?start=5 хуудсанд байгаа сүлжээний талаарх мэдээллүүдээс эхлэн уншвал илүү дөхөмтэй биз.
Мөн вэбсайт бүтээж суръя гэвэл вэбсайт, вэб сервер, вэб програмчлал, вэб стандартуудын тухай үндсийг эхлээд зайлшгүй судлах нь зүйтэй бөгөөд вэбийн хамгийн суурь хэл болсон HTML-ийг сурахгүйгээр шууд вэбсайт хийх гээд оролдох нь олон асуулт, олон асуудал үүсгэх ба та цаг заваа дэмий үрэх хэрэг болдог.
Ер нь аливаа зүйлийг хурдан сурах тогтсон арга, аргачлал, жор гэж байхгүй хэдий ч хялбараар сурах ерөнхий чиг баримжаа бол байдаг бөгөөд зам товчлох адил түргэвчлэх зарим талаар буруу байдаг. Гэхдээ үндсэн зарчмыг сайн ойлгосон байхад дараа дараагийн шатны системүүдийг судлахад маш дөхөмтэй болсон байдаг нь бодит байдал юм.
В. Гадаад хэлний мэдлэгээ сайжруулах
Технологи анхлан хөгжсөн гэдэг утгаараа Англи хэл дээр ихэнх систем бүтээгдсэн бөгөөд мөн аливаа сургалтын материал, мэдээ мэдээлэл Англи хэл дээр маш өргөн дэлгэр байгаа билээ. Бид нар бүгдээрээ сургууль, сургалт, дугуйлан, дамжаанд суугаад ч сурахгүй байх нь олонтаа тохиолдож байна. Нэг л учрыг нь олохгүй байна гэсэн хүмүүстэй ихэд таарлаа. Миний зүгээс зөвлөх зүйл гэвэл сургалтанд бүрэн найдах хэрэггүй. Мэдээж анхан шатны дүрмийг сургалтаар, номоор, дамжаагаар сайн сурч мэдэж болно. Хамгийн сайн суралцах арга бол хэрэглээ юм. Хэрэглэж ярьж эхлэхийн өмнө шантралгүйгээр хийх ёстой зүйл гэвэл ойлгосон ч бай, ойлгоогүй ч бай Англи хэл дээрх яриа, бичлэг, зурагтын нэвтрүүлгийг сонсох явдал. Сонсох явцдаа ойлгохгүй үг гарвал Англи-Монгол толь бичгийг хэд дахин эргүүлэн нөгөө үгээ дахин дахин харахаас залхууралгүйгээр хараад цээжлээд байх хэрэгтэй. Дараа нь Англи яриа дунд нөгөө үг чинь гарахаар мэддэг болоод ирнэ. Ингээд нэг нэг, арав арваар өөрийн үгийн сан (vocabulary)-г нэмэгдүүлснээр та аливаа яриаг 100% биш юмаа гэхэд ерөнхий утга санааг ойлгодог болж ирнэ. Энэ нь шууд утгаараа таны чих онгойж байна гэсэн үг.
Тэгэхээр та өөрийн сонсож байгаа юмаа ойлгож эхэлж байгаа бол одоо хариу хэлж харилцан ярилцаж эхлэх нь зүйтэй. Анхан шатны дүрмийн ойлголт, өөрийн мэддэг цөөн ч атугай үгийг ашиглаж ярьж эхлэх хэрэгтэй. Алдаатай ярих, буруу ярихаас эхэндээ бүү эмээ. Таныг хэн ч буруу ярилаа гэж дооглож шоолохгүй, харин ч засаж залруулаад зааж зөвлөөд ярих болно. Буруу ярьж байгаа байгаа нэгнийгээ шоолох нь хамгийн муу үйл бөгөөд мэдлэг муутай нэгнээ шоолох нь мэдлэгтэй хүний шинж биш юм. Алдаанаасаа үл айн ярьж байж зөв ярьж сурах бөгөөд та өөртөө жаахан итгэлтэй болсон үеэс хойш зам тань тун шулуун дардан байх болно. Гагцхүү тэр замдаа мордох эхний алхмыг та өөрөө л хийнэ. Хэн нэгэн хүн замыг тань засаад өгье, ганцхан миний номыг худалдаад авчих, миний сургалтанд суучих гэх нь ашиг хонжоо харсан хүний сонирхлоос хэтрэхгүй гэдэг нь дамжиггүй. Тэгэхээр та сонсдог болсныхоо дараа ярьж эхэлснээр таны дуу хоолой нээгдсэн гэсэн үг.
Дээрх зүйлийг хийхийн зэрэгцээгээр та унших, бичих, орчуулах чадвар дээрээ толь бичиг ашиглан ажиллах нь зүйтэй. Ер нь Англи хэл гэлтгүй аливаа гадаад хэлийг сурахдаа тухайн сурч байгаа хэлээрээ сонсож, ярьж, уншиж, бичиж, бодож сэтгэж гэмээ нь өөрийн эх хэл шигээ эзэмшиж чадна.
Г. Бодитой зорилго тавьж, түүндээ хүрэх, хэрэгжүүлэх бодитой алхмуудыг хийж эхлэх
Шинэ жилийн зорилт гэдэг шиг өөртөө ямарваа зорилт тавин бодох нь нэг хэрэг. Сайн ч хэрэг. Гэсэн хэдий ч бодох төлөвлөх нь гүйцэтгүүлэх, амжилтанд хүрэхтэй харьцуулахад юу биш шүү дээ. Аливаа зорилго тавина гэдэг ч бас учиртай. Дааж давшгүй том зорилт бодоод яваад байвал мэдээж бүтэхгүй нь ойлгомжтой. Мөн бас их том юм урдаа тавьчихаар хаанаас нь эхлэх нь мэдэгдэхгүй нэгэн зовлонтой. Үүнийг шийдэх нэг арга гэвэл аливаа том зорилгодоо хүрэх хэд хэдэн алхамтай жижиг жижиг хэсгүүдэд хуваан тэрхүү бичил зорилгууддаа богино хугацаанд хүрч чадаж байж л аугаа том зорилгын ард гарч том амжилтанд хүрч чадна.
![]()
За ингээд өөрийн бодсон зурвас бодлоос хальт хуваалцахад ийм байна. Манай вэбсайтны томоохон зорилтуудын нэг бол Монголын нүүдэлчид ард түмнийг хөгжлийн дараагийн шатанд түлхэх нэгэн тулгуур хүч болсон Мэдээлэл, харилцаа холбооны технологийг та бүхэндээ эх хэлээрээ хүргэх бөгөөд энэхүү нийтлэл нь бага ч атугай тус хүргэнэ гэдэгт найдаж байна. Та бүхэнд амжилт хүсье.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 3624 Сэтгэгдлүүд (10)
![]()
...
Бичсэн соёлоо, April 25, 2011
маш их таалагдлаа.баярлалаа.мэддэггүй нэгэндээ мэдлэг хайрлаж байгаад энэ л дутагдаад байсан юм.амжилт
...
Бичсэн pj, December 10, 2009
ooriin meddeg zyileesee busdad huwaaltsana gedeg mash buyntai yil yum.chinii ene yil ajillagaand amjilt hysie.bayrlalaa.
...
Бичсэн Batzorig, April 21, 2009
Nothing ventured, nothing gained.
unen zov ug bna shuu. bayarlalaa
...
Бичсэн bulgan, April 17, 2009
bayarlalaa. SAihan ugvvlemj bna. Amjilt hvsiiye IT-n vriig mgl-n uudam talar ihiig tariarai
...
Бичсэн ENkhee, April 16, 2009
Yunii omno tanid amjilt husie. Tani shig Mgl-d bum tum boloh boltugai.
|


Мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХТ) гэсэн энэхүү салбарт эртнээс зүтгэж байгаагийн хувьд олон хүмүүстэй уулзаж ярилцан олон ч зүйлийг үзэж сонслоо. Эдгээрээс өнөөдөр хөндөн ярилцахыг хүссэн нэгэн асуудал гэвэл МХТ салбарт хэрхэн амжилт гаргах вэ, эсвэл бүүр энгийнээр хэлбэл "компьютерыг" хэрхэн гартаа оруулах вэ? гэсэн асуулт юм.
Цагийн тухай нэгэн сонин зүйрлэлийг та бүхэнтэй хуваалцъя.

