Цахим тасалбарын e-Ticket систем И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 6
МууМаш сайн 
Миний Компьютер, Digital World сэтгүүл - Мэдээ, мэдээлэл
Бичсэн Т.Уранчимэг   
2009 оны 9-р сарын 01, Мягмар гариг, 23:02

01_eticket"Хэн-хаашаа-хэзээ" явах талаар бичигдсэн өгөгдлийн сангийн хэдхэн мөрийг ашиглан аялал жуулчлалыг амжилттай зохион байгуулж байгаа орны тоо улам бүр нэмэгдсээр байна. Сүүлийн үед агаарын нислэгийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд цаасан тасалбараас бүрэн татгалзаад байна. Манай орон ч цахим тасалбарыг амжилттай нэвтрүүлж эхлээд байгаа билээ. Төмөр замын тасалбар гадаадын орнуудад мөн л цахим хэлбэрт шилжсэн бөгөөд манай улсад ч удахгүй нэвтэрнэ хэмээн найдаж байна.

Цахим ертөнцөд тийм их дуртай биш хүмүүсийн хувьд ч ийм хэлбэрийн тасалбараар үйлчлүүлэх сонирхол улам бүр нэмэгдсээр байна. Үүний гол шалтгаан нь цахим тасалбарыг заавал өөрийн биеэр очиж авахгүйгээр зайнаас захиалан авч болдогт оршино. Мөн уламжлалт тасалбараас хямд тусдаг бөгөөд цахим тасалбарыг хаяж гээнэ гэж айх хэрэггүй.

Өнөөдөр дэлхийн олон оронд онгоцны билетийг цахим хэлбэрээр авах боломжтой болсон. Харин автобус зэрэг нийтийн унаанд бүрэн нэвтрээгүй байна. Үүнийг нэвтрүүлэхийн тулд хянагчдыг тусгай төхөөрөмжөөр хангах шаардлагатай байдаг байна. Цахим тасалбарын үйлчилгээг үзүүлэхийн тулд тухайн компаниас гурван үндсэн зүйлийг шаарддаг. Үүнд:

  • Тогтвортой үйл ажиллагаатай өгөгдлийн сан ба вэб сайт. Энэ өгөгдлийн сан болон вэб сайтын тусламжтайгаар үйлчлүүлэгч тасалбараа захиалж өөрийн банкны дансаар төлбөрөө хийх боломжтой байх ёстой.
  • Энэ өгөгдлийн сан руу үйлчлүүлэгчдийн буух ба суух бүх цэг дээрээс хандах боломжтой байна. Ийм боломжийн ачаар ажилтнууд цахим тасалбарыг шалгах боломжтой болно.
  • Эцэст нь ийм үйлчлгээний цэг бүр дээр хянагч, ажилтнуудад зөөврийн компьютерээс авахуулаад тусгай зориулалтын шалгах төхөөрөмж байх ёстой. Энэ нь цахим тасалбарын хүчинтэйг хянаад зогсохгүй, үйлчлүүлэгчийн явж байгаа маршрутын эхлэл төгсгөлийг хянахад зориулагддаг.

Цахим тасалбарыг зөвхөн тээврийн хэрэгслэлээр хязгаарлахгүй нь мэдээж. Цахим тасалбарыг шалгагч тусгай төхөөрөмжөөр ажилтнуудаа хангах нь компани болгоны хийж чадах зүйл биш юм. Иймээс цахим тасалбарыг шаардлагатай тохиолдолд цаасан хэлбэрээр гаргаж болдог бөгөөд ингэхдээ олон давхар хяналтын код шифрлэлтийн аргуудыг ашигладаг. Жишээ ньтомоохон урлаг, спортын тоглолтын хувьд тухайн тоглолт хэдий чинээ олныг хамарсан том байх тусмаа тасалбар борлуулалтыг цахим хэлбэрээр хийх нь илүү тохиромжтой. Үүнд, Олимпын тоглолт, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, интернэтээр борлуулагдаад дууссан попын хаан Майкл Жексоны тоглолт зэрэг олон жишээг дурдаж болно. Иймд хэрэв өөрсдөд тийм боломж байхгүй бол ийм үйлчилгээг үзүүлдэг тусгай компаниудаар үйлчлүүлж болно. Тэдний сайт дээр өөрсдийн тоглолтын танхимийн суудлын зургийг оруулж өгснөөр үйлчлүүлэгч хүссэн суудлаасаа сонгож болох бөгөөд шаардлагатай бол цаасан хувилбараар гаргаж авч болно. Ийм үйлчилгээ кино театрт өргөн нэвтрээд байгаа бөгөөд автоматтай холбогдож дугаарлаж зогсохгүйгээр тасалбараа захиалаад кино гарахын өмнө очиж захиалгынхаа дугаарыг хэлснээр тасалбараа шууд авах боломжтой юм.

Цахим тасалбарыг худалдан авах

Цахим тасалбарыг худалдан авахын тулд ямар нэгэн банкны карттай байх шаардлагатай ньтодорхой. Карт бүр дээр нууцлалын CVV2 код байдаг. Үүнээс гадна цахим шуудангийн хаягтай байх хэрэгтэй. Үүгээр захиалсан тасалбарын тухай мэдээллээ авах болно. Мэдээж интернэтэд холбогдсон компьютер хэрэгтэй. Ингээд л цахим тасалбарыг захиалахад өөр онцгой зүйл хэрэггүй. Гар утаснаасаа ч холбогдон захиалж болох боловч болж өгвөл томоохон дэлгэцтэй байх нь дээр. Зарим нэгэн нарийн зүйлийг уншилгүй өнгөрөөх магадлал байж болох юм. Цахим тасалбарыг худалдан авснаар зөвхөн цаг заваа хэмнээд зогсохгүй мөнгөө ч бас хэмнэдэг. Учир нь ихэнхдээ цахим тасалбар уламжлалт хэлбэрийн тасалбараас хямд үнэтэй байдаг. Ийм үйлчилгээг үзүүлэх нь газар бүр өөрийн тасалбар борлуулах цэг байгуулан байнгын хүн цалинжуулахаас хямд тусдаг учир цахим тасалбар хямд байдаг. Мэдээжээр цахим тасалбарыг зуны улиралд болон зул сарын баярын үеэр ихээр захиалан авдаг. Энэ тохиолдолд хаана ямар улс оронд ямар нислэгийн хуваарьт хэрхэн өөрчлөлт орсон болон захиалсан тасалбар буцсан эсэх зэрэг бүх мэдээллээр хангагдах боломжтой байдгаараа сүүлчийн хоромд үлдсэн цорын ганц суудлыг ч олж авах магадлал өндөр байдаг. Энэ нь үйлчилгээ үзүүлж байгаа нислэгийн компанид ч зорьсон газраа очихоор яарч байгаа үйлчлүүлэгчид ч маш ашигтай. Нислэгийн хуваарь болоод сул суудал байгаа эсэхийг захиалга хийхээсээ өмнө шууд харах боломжтой байдаг нь төмөр замын галт тэрэгний суудлын хуваарилалтыг хянахтай ижил юм. Ихэнх зорчигчид явах онгоц, галт тэрэгнийхээ схем зураг дээрээс суух суудал дээрээ шууд л даралт хийгээд захиалахыг хүсдэг. Одоогоор ийм боломж өргөн нэвтрээгүй ч алсдаа байнгын хэрэглээ болох нь дамжиггүй. Гадаадын зарим агаарын компаниуд,тухайлбал, Delta Airlines болон Lufthansa зэрэг компаниуд зөвхөн цахим тасалбар худалдаж авах боломжоор хангаад зогсохгүй нислэг болохоос 23 цагийн өмнө бүртгүүлэн суух суудлаа зорчигч өөрөө сонгох боломжийг олгож байна. Харин Шведэд гар утаснаасаа мессежээр бүртгүүлж болдог.

01_boeing_737

Цахим тасалбарыг зөвхөн өөртөө худалдан аваад зогсохгүй өөр хот улсад байгаа найз нөхөд, хамаатан садандаа худалдан авч өгч болно. Энэ тохиолдолд тэдгээр хүмүүс зөвхөн суудал, захиалгын дугаар болон нислэгийн дугаараа мэдэж байхад л хангалттай. Олон улсын иргэний нислэгийн нийгэмлэгээс 2008 оны 6 дугаар сарын 1-нээс дэлхийн хэмжээнд цаасан тасалбараас татгалзахыг уриалсан нь цахим тасалбарыг улам бүр түгэхэд ихээхэн түлхэц болж байна. Тасалбарыг тухайн нислэг үйлдэх компанийн вэб сайт дээрээс худалдан авч болно. Дашрамд сонирхуулахад Латин Америкийн оронд гэхэд англи хэлээрх вэб сайт дээр байгаа тасалбарын үнэ испани хэлээрх сайт дээрх үнээс 10-15 хувиар илүү байдаг. Нислэгийн бүх компаниуд тасалбарын үнийг зөвхөн банкны картаар хийхийг зөвшөөрдөг бол төмөр замынхан цахим мөнгөөр (WebMoney) хийхийг зөвшөөрдөг. Үүнээс гадна ийм үйлчилгээг зуучилдаг Anyway (http://www.anywayanyday.com/), Ufs-Online (http://www.ufs-online.ru/) зэрэг компаниуд байдаг. Ийм олон арга байдаг ч хамгийн зөв арга нь бол тухайн үйлчилгээг үзүүлж байгаа компанийн сайт дээрээс худалдан авах явдал. Зуучлалын дундын сайт нь үйлчилгээний хөлсөө нэмж авдаг муу талтай ч ийм сайт дээрээс олон төрлийн тасалбар нэг дор захиалж болдогоороо давуутай юм.

Нисэх тасалбар

Онгоцны тасалбар худалдан авах нь өдгөө маш хялбар зүйлийн нэг болжээ. Хамгийн хямд тасалбар бол ирж буцахыг хамт авах байдаг. Иймд хайлтын системүүд ийм тасалбарыг шууд санал болгодог. Жишээ болгон Улаанбаатараас Копенганг орох нислэгийг авч үзье.

02_anyway
Хуанли дээрээс явах өдрөө, чиглэлийн хамтаар сонгоно.

03_anyway
Зорчих том хүн болоод хүүхдийн тоог ч зааж болно. Манай жишээн дээр 2 том хүн, 2 хүүхдийн 2009 оны 7 дугаар сарын 30-нд Улаанбаатараас гарч, 8 дугаар сарын 6-нд ирэх билетний захиалга байна.

04_anyway
Систем өгөгдсөн хүсэлтээр хайлт хийж байна.

05_anyway

06_anyway
Хайлтын үр дүн. Манай жишээн дээр Улаанбаатараас Копенганг ороход Бээжингээр дайрч байна. 4 хүний билетний үнэ 7318 ам.доллар байна.

07_anyway
Уг вэб сайтын Maps товч дээр дарж, аяллын нисэх хот буух хотуудыг харж болно.

08_anyway
Нислэгээ сонгоод Choose товч дээр дарвал аяллын дэлгэрэнгүй мэдээлэл гарах болно.

09_anyway
Эцэст нь маягтыг бөглөж төлбөрөө хийнэ. Үүнд, зорчигчийн овог нэр, төрсөн огноо, иргэншил, паспортын дугаар, хүчинтэй байх хугацаа, хүйс болон төлбөрийн картын мэдээллийг оруулна.

Ихэнх тохиолдолд цаг нь тулчихсан байхад хайсан ч ямар нэгэн суудал заавал олддог. Мэдээж үнэтэй, эсвэл тухтай биш суудал олдох нь мэдээж. Цахим системийн ачаар нислэг хэзээ эхлэх, дуусах, замдаа хаана хэдий хугацаагаар зогсох гээд бүгдийг товлож болно. Тасалбарын эцсийн үнэ олон зүйлээс хамаардаг. Тухайн компанийн сайтаас авч байгаа бол арай хямд байна. Харин зуучлагч дундын сайтуудад нэмэлт мөнгө төлөхийг хүсэхгүй бол тэндээс зөвхөн хэрэгтэй мэдээллээ аваад тухайн компанийн өөрийнх нь сайт дээр орж захиалга хийж бас болно. Захиалга амжилттай болсны дараагаар цахим тасалбар цахим шуудангаар ирнэ. Ихэнх нислэгийн томоохон компаниудын тасалбар захиалга онлайн хэлбэрээр явагддаг. Жишээлбэл, Аэрофлот компанийн сайт дээр зөвхөн нэг өдөрт 3000 гаруй тасалбар захиалагдаж, 1500 тасалбарыг шууд худалдан авч байна. Sky Express компанийн тасалбарын 70 хувь нь цахим хэлбэрээр борлуулагдаж байна.

Эрх зүйн баталгаа

Интернэтээр худалдан авсан тасалбар цаасан хувилбарынхаа нэгэн адил нислэгийн хуваарийг бичсэн цаас, суудлын талоны хамт хүчинтэй болно. Ийм тасалбар дээр худалдан авагчийн нэр, нислэгийн хуваарь бичигдсэн байдаг. Цахим хэлбэрээр захиалсан тасалбар зорчигчийг нэг хотоос нөгөө рүү явж байгааг байнга дагасан мэдээллийг өөртөө агуулж байдаг ба ийм мэдээлэл алдагдах буюу хулгайлагдах ямар ч боломжгүй юм. Ямар ч тохиолдолд худалдан авсан тасалбарын захиалга нь тухайн үйлчилгээ үзүүлж байгаа улсын болон англи хэлээр хийгдэж байдаг. Ер нь цахим тасалбараа цаасан дээр буулгах нь зүйтэй. Энэ нь улс дамжих үед, хил гааль дээр буцах аялал тодорхой байгааг ямагт баталж өгч байх болно. Ийм шаардлагыг зарим улсын элчин сайдын газрууд ч тавьдаг. Гэхдээ энэхүү хэвлэсэн цаас нь зорчигчийн нисэхэд заавал байх ёстой бичиг болж чадахгүй. Цаасаа гээсэн тохиолдолд бүртгэл очоод өөрийн захиалгын болон явах аяллын дугаараа хэлэхэд л тасалбар тэр дороо сэргэх болно. Бусад тасалбарын нэгэн адил цахим тасалбарыг буцааж бас болно. Нислэг болохоос 24 цагийн өмнө тасалбарыг буцааснаар тасалбарыг худалдан авахдаа зарцуулсан нийт мөнгөнийхөө 75 орчим хувийг буцаан авч болно. Зарим зорчигчид цахим тасалбарыг баталгаатай биш гэж үздэг. Онгоцны буудал дээр сүлжээ гацах, өгөгдлийн сан саатлаа гэхэд цахим тасалбартай хүн нисэж чадахгүй гэж хэлэх хүн байдаг. Гэвч энэ тохиолдолд цахим ч бай, уламжлалт ч бай бүх тасалбар цахим хяналтаар орох ёстой тул дээрх шалтгаануудаар саатвал бүгд л ижил саатах болно. Иймд энгийн тасалбартай нь ниснэ гэсэн ойлголт байхгүй.

Цахим тасалбар манайд нэвтэрсэн хэдий ч энэ өгүүллийг бичих үедээ eticket.mn сайт руу орж чадсангүй. Мэдээж дээр бичсэнээр дундын үйлчилгээ үзүүлдэг хайлтын олон сайтуудаар дамжвал ч тэгээд нэг юм авах л юм шиг байна. Худалдаад авсан цахим тасалбараар манайхан ямар ч асуудалгүй үйлчилж байна. Гэхдээ одоо өөрсдийнхөө цахим тасалбарын сайтдаа анхаарал тавьж байнгын ажиллагаанд оруулах цаг нэгэнт болсон мэт санагдана.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
...
Бичсэн uils, November 03, 2010
biletiin zahialgin system hiih bie daalt ogsiimaa yaj yamarhuu yum hiih ve medeh zuil baival tus bolooch
Сэтгэгдэл бичих

busy