Ubuntu 9.10 Desktop хувилбарыг хэрхэн суулгах вэ? И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 14
МууМаш сайн 
Хичээл - Линукс
Бичсэн Алтансүх   
2009 оны 11-р сарын 26, Пүрэв гариг, 20:58
ubuntulogoLinux үйлдлийн системийн нэгэн түгээлт болох Ubuntu 9.10 буюу Karmic Koala үйлдлийн систем (http://www.ubuntu.com)-ийг Каноникал корпорациас 2009 оны 10 сарын 29-нд албан ёсоор гаргасан бөгөөд энэ нь Linux түгээлтүүд дотроос ихэд алдаршсан энэ системийн 11 дэхь хувилбар юм. Ubuntu үйлдлийн системийн Desktop edition буюу хэрэглээний компьютерт зориулсан хувилбарыг хэрхэн суулгах талаар энэ хичээлдээ үзье.

Юун түрүүн та Ubuntun 9.10 Desktop хувилбарын ISO файлыг http://www.ubuntu.com/getubuntu/download хаягаас ороод татаж аваарай. Та Монголоос орж байгаа бол "Download Location: Mongolia" гэж сонгосноор Монголд байгаа серверээс татах учир илүү хурдан татах болно. Ер нь 32-бит хувилбарыг татаж суулгахад хангалттай. 64-бит нь видео байнга хөрвүүлдэг, өндөр ачаалалтай хэрэглээнд илүү тохирдог бөгөөд одоогоор бүрэн сайн тархаагүй байгаа.

Татаж авсан ISO файлаа Nero Burning Rom, Roxio эсвэл үнэгүй Easy CD Burner-оор CD-R руу бичнэ. Та 8-10 долоо хоног хүлээж чадна гэвэл https://shipit.ubuntu.com/ хаягаар ороод үнэгүй CD захиалах боломжтой ба бас заримдаа ирэхгүй ч байж болно.

Ингээд бэлэн болсон бол компьютераа асаагаад CD-нээсээ ачаалахад дараахи дэлгэцээр таны Ubuntu суулгац эхэлнэ. Монгол хэлээр байхгүй учраас шууд Enter товчоо дараад Англи хэлээр үргэлжлүүлнэ.
01

Дараахи дэлгэцээс "Install Ubuntu" гэсэн сонголтыг компьютерын гараасаа доош сумаар сонгоод Enter дарна. Эсвэл та суулгахгүйгээр зүгээр санах ойд ажиллуулж туршъя гэвэл "Try Ubuntu without any change to your computer" сонголтыг сонгоод ачаалж үзэж болно. Ингэж ачаалсан нөхцөлд 5-10 минут ч болж болно. Бүүр удаад байгаа бол таны компьютер дээр Ubuntu ажиллахгүй байж болох хэдий ч бараг бүх компьютер дээр ажиллаж байгаа билээ.
02

Суулгах хэсгийг санах ойд ачаалж дууссаны дараа суулгаж эхлэхэд бэлэн боллоо. Суулгаж эхлэхийн тулд Forward товчийг дарна.
03

Дараахи дэлгэцэнд та өөрийн байршлийг сонгоно. Энэ нь таны хэл, орны тохиргоо, шинэчлэх багцуудыг татах хамгийн ойр толин сервер зэргийг тохируулахад хэрэгтэй.
05

Дараахи дэлгэцэнд та өөрийн гарны тохиргоог сонгоно. Шууд Англи хувилбараар явчихаж болох ба Монгол гараа ч сонгоход асуудалгүй. Ubuntu дээр Юникод гарын драйвер тохируулах заавар http://www.n20.mn/tutorials/10-computing/72-unicode-mongolian-keyboard-layout.html хуудас дээр байгаа.
06

Дараагийн дэлгэцэнд хард дискний хуваалтыг тохируулна. Танд үндсэндээ 3 сонголт байгаа. Эхний сонголт нь "Install them side by side, choosing between them each startup" бөгөөд та Windows үйлдлийн систем суулгасан байгаа үед энэ сонголт гарч ирнэ. Санамсаргүй байдлаар та хэрэгцээт файлуудаа устгаж магадгүй тул бүх мэдээллээ өөр компьютер эсвэл зөөврийн хард дискэнд нөөцлөн авбал зохистой.

Эсвэл тусдаа нэг хард дискэнд Ubuntu суулгах гэж байгаа бол "Erase and use the entire disk" сонголтыг сонгож болно. Гол нь таны сонгосон диск дээрх бүх мэдээллийг устгах учраас та мөн л мэдээллээ нөөцлөн авахаа мартуузай.

Гурав дахь сонголт гэвэл та хард дискний хуваалтаа өөрөө хийх бөгөөд суулгах үндсэн хэсэг болон хиймэл санах ой гэсэн 2 хэсэг (partition) заавал байх ёстой. Үндсэн хэсэг буюу /root хуваалтанд ихэнх зайгаа оруулах бөгөөд эхлээд хиймэл санай ойн хэсэг (swap)-ийг үүсгээрэй. Энэ хэсгийн хэмжээ нь таны компьютерын бодит санай ойгоос ер нь 2 дахин их хэмжээтэй тохируулбал зохистой. Үлдсэн зайг үндсэн замд тохируулахад Linux EXT3 файл системээр форматлаж болно. Линуксийн файл систем, хиймэл санай ой, бусад тохиргооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг интернетээс судлаарай.

Энэ хичээлдээ тусдаа хард диск дээр бүгдийг автоматаар форматлаад суулгахаар сонголоо.
07

Дараагийн дэлгэцэнд та өөрийнхөө тухай мэдээллийг оруулна. Үүнд 1. Өөрийн бүтэн нэрийг өөрийн хүссэн байдлаар 2. Нэвтрэх хэрэглэгчийн нэрээ англиар жижиг үсгээр 3. Нэвтрэх нууц үгээ болон баталгаажуулан оруулах 4. Сүлжээнд таны компьютер ямар нэрээр харагдахыг оруулна. Мөн хамгийн сүүлд нь а. Компьютер руугаа нууц үггүйгээр шууд нэвтрэх б. Нууц үгээ оруулж байж нэвтрэх в. Нууц үгээ оруулан, таны хэрэглэгчийн фолдерыг нууцаар кодлох гэсэн хамгаалалтын түвшингүүдээс сонгоно.
08

Хэрвээ та 8-аас цөөн тэмдэгттэй, энгийн бичлэгтэй нууц үг хэрэглэсэн бол дараахи анхааруулга гарна.
09

Яг суулгахын өмнөх сүүлийн дэлгэц нь дараахи байдалтай гарна. Ubuntu 9.10 хувилбараас эхлэн GRUB2 ачаалагчийг суулгадаг болсон бөгөөд Windows үйлдлийн системтэй зэрэг суулгах байгаа Windows ачаалагчийг дарж бичдэг. Ингэснээр компьютер асахад Grub ачаалагч гарч Windows эсвэл Ubuntu алийг ачаалахыг сонгох дэлгэц гардаг болно. Та суулгахад бэлэн болсон бол Install товчийг дарна.
10

Ubuntu 9.10 Karmic Koala үйлдлийн систем суулгаж эхэлж байна.
11

Суулгах явцад янз бүрийн мэдээллүүд дэлгэцийн доод хэсэгт гарч солигдох бөгөөд та тэдгээрийг уншиж өөрийн системийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар мэдээлэл авч болно.
12

13

Таны компьютерын үзүүлэлтээс шалтгаалан 10-18 минут болоод суулгаж дууссан бол дараахи зурвас гарна. Та CD-гээ гаргаж аваад Дахин ачаалах буюу Restart товчийг дараарай.
14

Ubuntu амжилттай ачаалж эхэлсэн бол та Ubuntu ачаалах дэлгэц Xsplash харах болно.
15

Нэвтрэх цонхонд та өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулаад Login товчийг дарна.
16

Ингээд хормын төдийд таны Ubuntu ашиглахад бэлэн болно.
17

За ингээд танд амжилт хүсье. Хөгжил дэвшлийн зүг урагшаа!
Сэтгэгдлүүд (7)Add Comment
...
Бичсэн chegi, February 23, 2010
ubuntu 32bit. laptop нь sony vaio vgn-cs190. intel dual cpu 2.0, 2GB ram. f4 дарж байгаад safe graphic mode сонгоод бас болохгүй байн лээ яах вэ?
...
Бичсэн Sukh, February 23, 2010
Ямархуу үзүүлэлттэй, ямар компьютер вэ? Ubuntu чинь 32 бит үү, 64 бит үү? CD нь зурагдаагүй гэж найдая?
...
Бичсэн chegi, February 23, 2010
Залуусаа. Ubuntu 9.10 суулгах гэсэн чинь install Ubuntu гэдгийг дарангуут шууд нам гацаад байх юм, яаж байган бол мэдэж байвал надад туслаач.
...
Бичсэн subota, February 22, 2010
давхар үйлдлийн системтэй явы гэвэл өөр дискн дээрээ суулгана гсэн үгүү
тэгээд эхлэхдээ Windows эсвэл Ubuntu гээд сонгоод орчиж болхуу?
...
Бичсэн Sok, February 05, 2010
Saihan zowlogoo boljee.
...
Бичсэн Altansukh, January 11, 2010
Гайгүй интернеттэй бол шууд шинэчилж болно. Эсвэл alternate CD татаж аваад Upgrade гээд хийж болно. Заавар нь: http://www.ubuntu.com/getubuntu/upgrading дээр бүгд байгаа.
...
Бичсэн Алтан-сүх, January 09, 2010
Үнэхээр сайхан зөвөлгөө болсон байна. баярлалаа. Тэгэхдээ би одоо үбүнтү 9.04 ашиглаж байгаа тийм болхоор шууд UPGRADE хийж болох уу
Сэтгэгдэл бичих

busy