| Web 2.0 гэж юу вэ? |
|
| Хичээл - Интернет | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Бичсэн Алтансүх | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2009 оны 2-р сарын 19, Пүрэв гариг, 18:07 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Сүүлийн хэдэн жил бид Web 2.0 гэж сонслоо, бас ч нилээн ярилаа. Web 2.0 гэж юу болох, чухам яагаад ингэж тодорхойлоод байгаа хийгээд ямар ач холбогдолтой талаар энэ нийтлэлдээ өгүүлье.
Анх дэлхий дахины вэб буюу WWW үүсэн хөгжсөн цагаас эхлэн тогтсон нэгэн ойлголт бол вэбсайт нь аливаа байгууллагын хувьд өөрийн нүүр царайг зах хязгааргүй интернетд олон нийтэд дэлгэн тавих гарц болохын зэрэгцээ маркетинг, зар сурталчилгааны хямд төсөр, үр дүнтэй хэрэгсэл болж байсан билээ. Энэ нь олон хүмүүст цаг үргэлж нээлттэй байж сурталчилгааны зардлыг хэмнэх сайн хэрэгсэл байсан хэдий ч гол дутагдалтай тал нь эргэх холбоо байхгүй байсан. Та вэбсайтаа үүсгээд мэдээллээ бүгдийг оруулан тавих бөгөөд зөвхөн та л ямар мэдээллийг ямар хэлбэрээр тавихаа шийддэг учраас иймэрхүү вэбсайтууд нь push буюу мэдээллийг шахах хэлбэрээр ажиллаж байсан юм. Маркетингийн зорилтыг амжилттай гүйцэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг эргэх холбоо ихэнх тохиолдолд тасалдсан вэбсайтууд зонхилж байсан/байгаа юм. Үүнийг ухаараагүй үед буюу 1990-ээд оны сүүлээс 2001 оны намар хүртэл үргэлжилсэн Dot-com бөмбөлөг буюу domain.com гэсэн маягийн домайн нэртэй байхгүй бол болохгүй юм шиг ойлголтоор тэр дундаа онцгой үг хэллэгтэй домайн нэрийг чухалчилж байсан учраас нилээн олон домайн нэр хэдэн мянга, хэдэн сая хүрч байсан хэдий ч удалгүй уналтанд орон домайн нэр нь төдийлөн чухал биш болсон билээ. Харин тэр үеэс хойш аажим аажмаар эрч хүчээ аван 2005 оноос ид хурдаа авсан хандлага бол Web 2.0 юм. Үүний эхлэлийг тавьсан анхдагчдын нэг нь гарцаагүй хайлтын системийн хаан болсон Google юм. Өвөрмөц хайлтын систем, хайлтын системийн дагуух зар сурталчилгаа, бүртгүүлэлгүйгээр вэбсайтаа сайжруулан олон хүн татах замаар Google-д дээгүүр үнэлэгдэх боломж (SEO - Search Engine Optimization) зэрэг олон сонин санаачлагыг гаргасан нь бидний яриад байгаа Web 2.0 загварын вэбсайтууд гарахад ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Web 2.0 гэсэн нэр томъёог анх 2005 онд Tim O'Reilly оноон гаргажээ. Tim O'Reilly бол бидний сайн мэдэх O'Reilly Media ("Web design in a Nutshell" гэх мэт олон гоё номыг эрхлэн гаргасан) хэвлэлийн компанийг үндэслэгч юм. Түүний санаачилсан энэхүү Web 2.0 гэсэн ойлголт яг нэг тодорхой технологи эсвэл вэбсайт биш юм. Яг тэр гээд тодорхойлоход хэцүү ойлголт ч гэсэн Web 2.0-ийн эх суурь, цөм болсон гол санаанууд байна. Тодорхой жишээнүүд дээр тулгуурлан би та бүхэнд энэхүү санаануудыг ойлгуулахыг хичээе. Тулгуур санаануудыг доогуур зурж тэмдэглэн харуулсныг анхаарна уу. Юун түрүүнд шинээр төрөн гарсан вэбсайтуудын мэдээллээ хаанаас үүсгэж, хэрхэн удирдаж байгаа байдал нь урьд өмнө үзэгдээгүй онцлогтой байсан. Мэдээллийг нэг талаас шахдаг урсгалтай байсан бол шинэ төрлийн вэбсайтууд нь хэрэглэгчдээсээ мэдээллийг авдаг, үүсгүүлдэг, тараадаг гээд олон чиглэлтэй болсон ба мэдээллийн удирдлага нь төвлөрсөн бус харин ч маш тархацтай болсон байна. Вэбсайтын үндсэн бүтээгдэхүүн болсон мэдээллийг зах хязгааргүй интернетийн өнцөг булан бүрээс хэрэглэгчид оруулах ба вэбсайтыг үүсгэн байгуулагчид нь зөвхөн тухайн мэдээллүүдийг ангилан хүлээн авч хадгалах, мэдээллийг авахыг хүссэн хэрэглэгчдэд хамгийн хялбар замаар хүргэх, ёс зүйгүй мэдээллийг шүүх зэрэг үүргийг гүйцэтгэх болсон байна. Web 2.0-ийн анхдагчдын нэг болох Wikipedia (http://www.wikipedia.org) буюу Нээлттэй нэвтэрхий толь нь Web 2.0-ын гол ойлголт болох чөлөөт мэдээллийг хүмүүсийн тусламжтайгаар хүмүүст хүргэснээрээ мэдээллийн эрх чөлөөг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа билээ. Бидний сайн мэдэх YouTube (http://www.youtube.com) вэбсайт нь хэрэглэгчиддээ өөрсдийн дүрс бичлэгийг оруулах боломжийг хангадаг бөгөөд та хэн нэгэнд нэг видео үзүүлэхийг хүсвэл Youtube рүү оруулаад холбоосыг явуулаад боллоо. Мөн өөрийн компьютерын вэб камераар бичлэг хийгээд түүнийгээ олон нийтэд өөрийн үзэл бодлыг хүргэх хэрэгсэл болгон ашиглаж болдог байна. Мөн телевизийн сувгууд, студиуд өөрийн бүтээлүүдийн заримыг хэрэглэгчдийг татах сурталчилгааны арга байдлаар цацаж байгаа бөгөөд тэд өөрийн гэсэн Youtube сувгийг нээн ажиллуулах боломжтой болсон юм. YouTube нь анхнаасаа их амжилттай дэлгэрэн явсан учир Google корпораци 2006 онд 1.65 тэрбум ам.доллараар худалдан авсан нь тухайн үедээ том шуугиан дэгдээсэн төдийгүй Web 2.0 вэбсайт бүтээн амжилттай ажиллуулснаар ашиг олох боломжтой гэдгийг олон хүнд харуулж, өөр олон вэбсайт бүтээх урам зоригийг өгсөн гэдэгтэй маргахгүй бизээ. Арай өвөрмөц онцлогтой Digg (http://www.digg.com) вэбсайт гэхэд хэрэглэгчид өөртөө таалагдсан мэдээний холбоосыг оруулдаг ба бусад хэрэглэгчид тэр мэдээг чухал хэрэгтэй, сайн гэж үзвэл саналаа өгдөг байна. Тэгээд тэр мэдээ олон хэрэглэгчийн санал авах тусам Digg дээр дээгүүрт бичигдэн эхний нүүрэнд гардаг байна. Бидний сайн мэдэх Hi5 (http://www.hi5.com) вэбсайт ч мөн өөрийн онцлогтойгоор гарч ирсэн. Вэбсайтыг үндэслэн байгуулагчид нь мэдээллийг удирдан, зохион байгуулах үндсэн цогц хэсэг, хэрэглэгчдийг бүртгүүлэн өөр өөрсдийн мэдээллийг хадгалах хувийн орон зайг гаргаж өгдөг байна. Вэбсайтын хэрэглэгчид нь бүртгүүлж гишүүн болоод тухайн орон зайгаа өөрийн хүссэн өнгө төрхөөр өөрчлөн байгуулж мөн өөрийн талаарх мэдээллийг нээлттэй болон тодорхой хүрээнд зориулан тохируулдаг байна. Энэхүү өөрийн орон зай буюу profile-даа бүх олон нийтэд эсвэл зөвхөн найзууддаа зориулан зураг, дуу хөгжим, дүрс бичлэг зэргийг оруулан баяжуулаад, системээр дамжуулан найзуудыгаа бүртгүүлэн нэгдэхийг урьсан и-мэйл явуулан урьснаар түүний найзууд мөн бүртгүүлэн өөр өөрийн вэбсайтыг үүсгэн бие биенээ бүртгэн найзуудын сүлжээ үүсгэн харилцах боломжтой болсон байна. Facebook (http://facebook.com), Hi5 (http://www.hi5.com), Windows Live Spaces (http://spaces.live.com) зэрэг вэбсайтууд нь ийм зарчмаар ажилладаг байна. Мөн сүүлийн үед ихэд түгээмэл болоод байгаа Web 2.0 төрөл бол блог (blogging) юм. Та өөрийн блогийг нээж тэндээ өөрийн өдрийн тэмдэглэлийг хөтлөх, эсвэл үзэл бодлоо илэрхийлэх самбар болгон ажиллуулж болох бөгөөд мөн л олон нийтэд нээлттэй эсвэл найзууддаа зориулан тэмдэглэл бичиж үлдээснээр маш хялбар замаар өөрийн гэсэн вэбсайттай болчихож байгаа юм. Олон чиглэлтэй мэдээллийг маш тархацтайгаар цуглуулан тараадаг, вэб үйлчилгээнд тулгуурлан, хувийн орон зайг хангаад зогсохгүй мэдээллийн эрх чөлөөг олгодог олон нийтэд тулгуурласан олон нийтийн вэбсайт - community website -ууд төрөн гарсан хандлагын онцлогуудыг нэгтгэн Web 2.0 гэж тодорхойлсон байна. Бидний хийж бүтээж эсвэл хэрэглэж дассан вэбсайтууд маань хэрхэн өөрчлөгдсөнийг та бүхэн дараахи хүснэгтээс сонирхоно уу.
Мэдээжээр бидний хэрэглэж заншсан вэбсайтууд байгаа хэдий тэдгээр нь мэдээлэл санал болгохгүйгээр харин ихэнхдээ "үнэгүй", хялбар үйлчилгээнүүдийг санал болгодог болсон байна. Маш тархацтай болсон гэдэг утгаараа үйлчилгээнүүдэд зөвхөн компьютер дээрээс төдийгүй олон төрлийн зөөврийн авсаархан төхөөрөмжүүдээс хандах боломжтой болсоор байна.
Web 2.0 шийдлүүд амжилттай ажиллахын тулд мөн доорхи хэд хэдэн үндсэн зарчмыг хангах ёстой байдаг бөгөөд зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй юм. Үүнд:
Бид Web 2.0 чиг хандлага, тулгуур санаанууд, үндсэн зарчмуудын талаар ярилцлаа. Тэгвэл энэ чиглэлээр вэбсайт ажиллах, вэбсайтд оролцохын давуу тал, ашиг нь юундаа байна вэ гэсэн асуулт гарч ирэх нь тодорхой. Ихэнх Web 2.0 шийдлүүдийн хувьд ашиг тус нь вэбсайтыг бүтээгчдэд төдийгүй хэрэглэгчдэд асар том боломжийг өгч байдаг. Жишээ нь YouTube дээр сонирхолтой бичлэг тавьсанаар олны үнэлгээг авч өөрийн байгууллага, вэбсайт зэргийг сурталчлах боломж гардаг бол Google тухайн видеоны сэдэвтэй холбогдолтой сурталчилгааг видеоны эхэнд эсвэл төгсгөлд байрлуулан ашиг олох боломжтой юм. Facebook вэбсайтын гишүүд цахим виртуал бэлэг буюу бэлэг нэртэй зүйлийг Facebook-д $1 төлөн худалдан авч сонирхолтой бэлэг найздаа хялбар замаар өгч болдог. Мэдээж жинхэнэ бэлгийг орлохгүй ч гэсэн та интернетийн найздаа бэлэг өгсөн сэтгэл гаргах боломжийг олж байгаа юм. Зарим вэбсайтууд олон хэрэглэгчийг татахын зэрэгцээ Google Adsense-н сурталчилгааг гаргах замаар ашиг олдог бол Windows Live гэх мэт вэбсайтууд томоохон корпорациудын нэр хүндийг өсгөхөд чиглэгдэн ажилладаг байна. Web 2.0 гэсэн хэллэг одоо харин тийм ч сонирхолтой биш болж байгаа юм мэт боловч үнэн хэрэгтээ асар өргөн хүрээнд тархсаны илрэл юм. Web 2.0 маягийн вэбсайт үүсгэн эхэн үедээ онцгойрох боломж байсан одоо харин Web 2.0-н зарчмуудыг ханган ажиллах наад захын шаардлага болон хувирсан байна. Та вэбсайттай болохыг үхсч байгаа бол энгийн мэдээлэл, зураг оруулсан вэбсайт хийх, хийлгэх гэж байгаа бол бас учир дутагдалтай болж эхэлж байна. Мэдээж танай байгууллагын онцлогоос шалтгаалах хэдий ч олныг хамарсан вэбсайт амжилттай ажиллуулахыг хүсвэл Web 2.0-н үндсэн зарчмуудыг сайн судлан гүйцэтгэвэл цаг үеэсээ хоцроогүй зөв шийдлийг бүтээж болох юм. Та бүхэнд амжилт хүсье.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 6224 Сэтгэгдлүүд (2)
![]() |


Сүүлийн хэдэн жил бид Web 2.0 гэж сонслоо, бас ч нилээн ярилаа. Web 2.0 гэж юу болох, чухам яагаад ингэж тодорхойлоод байгаа хийгээд ямар ач холбогдолтой талаар энэ нийтлэлдээ өгүүлье.

